МУССХ-ны “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом-2024” усанд сэлэлтийн тэмцээн 2024 оны 11 сарын 01-03-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Баянгол спорт хорооны бассейнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 27 клуб байгууллагын 494 тамирчин бүртгүүлсэн нь усанд сэлэлтийн спортоор хичээллэгчдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаагийн нэгэн илрэл болсон юм.
Энэхүү тэмцээн нь мөн “Би сэлж сурлаа” үндэсний хөтөлбөрийн нээлт болон зохион байгуулагдаж байгаа нь нэгэн онцлох үйл явдал байлаа. “Би сэлж сурлаа” хөтөлбөр нь Монгол улсын иргэн бүрийг сэлж сургах, усан спортын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, амьдралын чанартай үзүүлэх эерэг нөлөөг сурталчлан таниулах, уснаас үүдэлтэй осол эндэгдлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой юм. Энэ жилийн тэмцээнийг “Apu Dairy” компаний “Baba Shark” брэнд дэмжин оролцож брэндийн бэлгийг гардуулж нийт тамирчин хүүхдүүдээ баярлуулсан юм.
“Ерөнхийлөгчийн нэрэмжит цом-2024” тэмцээн нь тамирчдын эзэлсэн 1-6 байрыг онооны үнэлгээгээр үнэлж тэмцээний “Шилдэг эрэгтэй тамирчин”, “Шилдэг эмэгтэй тамирчин”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын эзэн багийг тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн тэмцээний шилдгүүдээр:
“Сэлэм загас” клубын тамирчин Э.Ариунтамир 12 алт, 2 мөнгөн медаль хүртэж 66 оноо цуглуулсан амжилтаар “Шилдэг эмэгтэй тамирчин”,
“We Aquatics” клубын тамирчин Б. Энхтамир 9 алтан медаль болон Монгол улсын рекорд амжилтыг 6 удаа шинэчлэн тогтоож 57 оноо цуглуулж “Шилдэг эрэгтэй тамирчин”-гаар тодорлоо.
Э.Ариунтамир нь 2 дахь удаагаа “Ерөнхийдөгчийн нэрэмжит цом”-ын тэмцээний шилдгээр тодорч байгаа бол Б.Энхтамир 3 жил дараалан “Шилдэг эрэгтэй тамирчин” болсон нэгэн өвөрмөц амжилтыг гаргалаа.
Багийн дүнгээр “VISTA” клуб 23 алт, 21 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж 808 оноогоор 3 дугаар байр,
“We Aquatics” клуб 38 алт, 23 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж 996 оноо цуглуулж 2 дугаар байр
эзэлсэн бол 33 алт, 32 мөнгө, 26 хүрэл медаль хүртэж 1’154 оноогоор “Орчлон-Альфа” клуб Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн багаар тодорлоо.
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчид, баг хамт олонд баяр хүргэе. Мөн тэмцээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан Холбооны Шүүгчдийн зөвлөл, тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн болон тэмцээнийг зохион байгуулах хорооны хамт олонд гүн талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.