Ёс зүйн зөвлөл, түүний зорилго, үүрэг

1.1 Ёс зүйн зөвлөл нь (цаашид Зөвлөл гэх) Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны (цаашид Холбоо гэх) дүрмийн 13.4 зүйлд заасан Удирдах зөвлөлийн дэргэдэх зөвлөл юм.

1.2 Зөвлөл нь бие даасан хуулийн этгээд биш бөгөөд Холбооны болон Зөвлөлийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.3 Ёс зүйн зөвлөлийн зорилго нь:

  • Холбооны бүхий л үйл ажиллагаа болон арга хэмжээнд ёс зүйтэй зан үйл, харилцааг хэвшүүлэх, спортын эв нэгдлийг хангаж олон нийтийн дунд нэр хүнд нь унахаас сэргийлэх, шийдвэр гаргалтын шударга байдлыг хангуулах
  • Бүх төрлийн шударга бус өрсөлдөөн, хууран мэхлэлт, авлига, ёс зүйн зөрчил болон Холбооны дүрэм болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл/эс үйлдлийн эсрэг тэмцэх
  • Холбоо болон түүний гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс зэрэг усан спортын үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцогч бүх этгээдүүдэд Холбооны дүрэм болон Ёс зүйн дүрмийг сурталчилан таниулах, мөрдүүлэх

1.4 Ёс зүйн зөвлөл нь өөрийн бүхий л нөөц боломжид тулгуурлан Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй зөрчлийг шалган шийдвэрлэхийн тулд доорхи үүргийг хүлээнэ. Үүнд:

  • Гуравдагч этгээдээс ирүүлж болох болзошгүй ёс зүйн зөрчлийн мэдээллийг хүлээн авах сувгийг бий болгох (утасны дугаар, цахим хаяг г.м)
  • Холбогдох байгууллага, хувь хүнээс ёс зүйн зөрчлийн шалгалтанд шаардлагатай  мэдээллийг авах, мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн клуб, дасгалжуулагч болон дээд шатны удирдлагаар дамжуулан баталгаажуулах
  • Холбооны дүрэм болон Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх үүрэг бүхий холбооны бүх гишүүд, албан тушаалтан, ажилтнууд, тамирчид, тамирчдыг туслан дэмжигчид болон бусад усан спортод хамаарал бүхий хүмүүст ёс зүйн асууудлаар сургалт, сурталчилгаа явуулах, ёс зүйн дүрмийн биелэлтэнд хяналт тавих
  • Хууль тогтоомж болон Ёс зүйн дүрмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, мэдээлэл солилцох, хариуцлага тооцох чиглэлээр Үндэсний болон дэлхий, бүс нутгийн усан спортын болон бусад эрх бүхий байгууллагуудтай үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Бусад спортын байгууллагуудтай авлига, ёс зүйн зөрчлийн талаар мэдээлэл солилцох,
  • Сахилга бат, ёс зүй,  бүх төрлийн хүчирхийллийн хэлбэр, хууран мэхлэлт, хууль бус бооцоо тавих, сэргээшийн асуудал болон арга хэмжээнд хөндлөнгөөс оролцох зэрэг бүхий л ёс зүйн зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулах, хянан шийдвэрлэх
  • Удирдах зөвлөлд жил бүр үйл ажиллагаагаа тайлагнах
  • Холбооны дүрмээр хүлээсэн бусад үүрэг болон Удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх
  • Холбооны Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллага (WADA)-ын өмнө хүлээсэн үүргийн биелэлтэнд хяналт тавих

1.5 Зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалт бусдаас хараат бус байх бөгөөд зөвхөн Холбооны дүрэм, Ёс зүйн дүрэм болон Зөвлөлийн журмын хүрээнд ажиллана.

Ёс зүйн зөвлөлийн гишүүд

Дашдондог Туяа

Ёс зүйн зөвлөлийн дарга, “Ган спорт төв” багш

Баясгалан Шинэбаяр

Зөвлөлийн гишүүн, “Таймен тим” ХХК-ны Захирал

Эрдэнэбилэг Сүрэнням

Зөвлөлийн гишүүн, Хавдрын хими эмчилгээний эмч

Эрдэнэ-мөнх Дэмүүл

Зөвлөлийн гишүүн, “We Aquatics” клубын багш

Мөнхзаяа Цэнгүүн

Зөвлөлийн гишүүн, “Өмгөөллийн Цэцэн атторни” ХХК-д өмгөөлөгч