2026 оны Насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөлөө

35 дахь удаагийн Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 1 дүгээр сарын 8–12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Этүгэн–Төв бассейнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 20 клубын 123 шилдэг тамирчин оролцож, нийт 46 хувийн болон буухиа төрөл зайд ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнийг Монголын усан спортын сонирхогчдын холбооны шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулсан бөгөөд Этүгэн–Төв бассейны инженер, техникийн ажилчид, дасгалжуулагчид, үйлчилгээний ажилчид зэрэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон зохион байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэн ажиллалаа.
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нь тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнд оролцох тамирчдын чансааг тогтоож, сонгон шалгаруулалт хийдэг хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн тул баг, клубуудын хувьд онцгой ач холбогдолтой байдаг. Иймээс оролцогч багууд шилдэг тамирчдаа бүрэн бүрэлдэхүүнээр нь өрсөлдүүлдэг онцлогтой.
Тэмцээний үеэр нийт 24 улсын рекорд амжилт шинэчлэгдэн тогтоогдсон нь өмнөх жилүүдийн тэмцээнүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэ нь Монголын усанд сэлэлтийн тамирчдын ур чадвар, бэлтгэл сургуулилтын түвшин мэдэгдэхүйц ахиж, тив, дэлхийн түвшинд алхам алхмаар ойртож буйн бодит илрэл юм. АНУ улсад бэлтгэл сургуулилтаа хийж буй ОУХМ Б.Энххүслэн дөрвөн жилийн дараа тус тэмцээнд дахин оролцож, 11 улсын рекордыг шинэчлэн тогтоон, залуу тамирчдад үлгэр дуурайлал үзүүллээ.
Мөн 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 56.75 секундийн амжилтаар “We Aquatics” клубын тамирчин М.Ханбилиг Спортын мастерын болзол хангасан нь тэмцээний онцлох амжилтуудын нэг байв.
Багийн нийлбэр дүнгээр:
Туршлага, ур чадвар хосолсон шилдэг тамирчидтай “We Aquatics” клуб Алт – 41, Мөнгө – 15, Хүрэл – 15 медаль хүртэн 1 дүгээр байр,
Шинэ залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн “Альфа” клуб Алт – 3, Мөнгө – 14, Хүрэл – 8 медальтайгаар 2 дугаар байр,
Усан спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг төрүүлэн гаргасан Эрдэнэт үйлдвэрийн спорт цогцолборын дэргэдэх “Хангарьд” клуб Алт – 2, Мөнгө – 5, Хүрэл – 5 медаль хүртэн 3 дугаар байр эзэллээ.
Энэ жилийн тэмцээнийг “RE/MAX Mongolia”, “RE/MAX Swimming” клуб, “Энержи Ресурс” ХХК, “Боса Импекс” ХХК, “MCS Estates” ХХК зэрэг байгууллагууд зохион байгуулалтыг дэмжин ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.
Түүнчлэн тэмцээнийг MNB Sports сувгийн хамт олон тав хоногийн турш бүрэн зураглаж, 3 цуврал бүрэн хэмжээний нэвтрүүлэг болгон үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.