МУБИС-ийн Биеийн тамирын сургуультай хамтран ажиллана

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургууль болон Монголын Усан спорт сонирхогчдын холбоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр албан ёсоор гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад усан спортыг хөгжүүлэх, мэргэжлийн дасгалжуулагч, шүүгчдийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Монголын усан спорт срнирхогчдын холбоо усан спортын мэрэгжлийн багш, дасгалжуулагчийн ангид элсэн орж буй оюутнуудад 50%-ын сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгох бөгөөд тус тэтгэлэгийн хэмжээг сурлагын голч дүнгээс хамааран 2 дугаар курсэд 75%, 3 дугаар курсэд 100% болгон өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллана.
Хоёр байгууллага цаашид оюутан, залуусыг бодит дадлага, тэмцээн уралдаанд өргөнөөр оролцуулах, ур чадварыг нь хөгжүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн усанд сэлэлтийн дасгалжуулагчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэх, ерөнхий боловсролын сургуулиудын дасгалжуулагч нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжих юм.
Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудын менежмент, гадаад хэл, спортын маркетингийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах нь салбарын хүний нөөцийг илүү чадварлаг, өрсөлдөхүйц болгоход чухал хувь нэмэр оруулах юм.
Гэрээ нь 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд талууд жил бүрийн зорилт, төлөвлөгөөгөө уялдуулан хамтын ажиллагааг шат дараатайгаар өргөжүүлэхээр тохиролцжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь усан спортыг түгээн дэлгэрүүлэх, шинэ үеийн тамирчдыг бэлтгэх, улмаар Монгол Улсын спортын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.