Мастерсын УАШТ-2026 зохион байгуулагдлаа

Монголын Усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулсан 2026 оны Усанд сэлэлтийн Мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборын усан бассейнд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд 26-75 насны нийт 14 клубын 193 тамирчин оролцож, өөрсдийн насны ангилалд хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр “Remax Swimming Club”-ын баг тамирчид 54 алт, 46 мөнгө, 33 хүрэл, нийт 133 медаль хүртэж тэргүүн байрт шалгарлаа. Харин “Gan Swimming Club”-ын баг 35 алт, 36 мөнгө, 17 хүрэл, нийт 88 медаль хүртэн дэд байрт шалгарсан бол “SS Swimming Club”-ын баг тамирчид 29 алт, 19 мөнгө, 19 хүрэл, нийт 67 медалийн амжилтаар гуравдугаар байрт шалгарсан байна.

Мөн “Хангарьд” клуб- 57, “Далайн хаадууд” клуб- 46 медаль хүртэж амжилттай оролцсон бол бусад клуб, багууд ч спортын нөхөрлөл, өрсөлдөөний сайхан уур амьсгал дунд ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнийг Усанд сэлэлтийн Мастерсын холбоо хамтран зохион байгуулж, “Брикланд” ХХК, “Remax” ХХК, “Grand Mansion” ХХК-ууд дэмжин хамтран ажиллаж, тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.

Мастерсын усанд сэлэлтийн хөдөлгөөн нь нас харгалзахгүйгээр спортоор тогтмол хичээллэж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг уриалдгаараа онцлогтой. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь тамирчдын ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ спортын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлсэн өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Мастерсын усанд сэлэлтийн нийт баг, тамирчдадаа спортын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.