Дубровник, Хорват – 2026 оны 9 дүгээр сарын 1
Монгол Улсын усан пологийн шигшээ баг Хорватын Дубровник хотноо зохион байгуулагдаж буй “World Aquatics Water Polo 4×4 Open Championships 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна.
Энэ тэмцээн нь Water Polo 4×4 төрлийн анхдугаар дэлхийн хэмжээний тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-ны өдрүүдэд Дубровник хотын түүхэн Old Town Harbour-т далайн усанд байгуулсан тусгай талбайд зохион байлагдана.

World Aquatics-ийн шинэ төрлийн тэмцээний дэлхийн анхны нээлтэд Монгол Улс оролцож байгаа нь манай усан пологийн спортын хувьд түүхэн үйл явдал юм. Монгол Улс болон Литва улс энэхүү шинэ форматын дэлхийн тавцанд анх удаа оролцож буй орнуудын нэг болж байна.
Water Polo 4×4 нь уламжлалт усан пологоос илүү хурдтай, эрчимтэй тоглолтод суурилсан шинэ формат бөгөөд нэг баг 8 тоглогчтой, тоглолтын үеэр усанд 3 талбайн тоглогч болон 1 хаалгач, нийт 4 тоглогч тоглоно. Тоглолтын талбай 15 х 12 метр хэмжээтэй бөгөөд үе тус бүр 5 минут үргэлжилнэ.

Монгол – Серби: Анхны тоглолт
Монголын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо сүүлийн гурван Олимпын наадмын аварга Сербийн шигшээ багийн эсрэг хийж, 0:3-аар хожигдсон байна.
Хэдийгээр Монголын баг дэлхийн шилдэг усан пологийн орнуудын нэг Сербийн эсрэг хүнд тоглолт хийсэн ч энэхүү тэмцээнд оролцож байгаа нь Монголын усан пологийн тамирчдад дэлхийн түвшний туршлага хуримтлуулах, шинэ форматын онцлогийг эзэмших, цаашдын хөгжлийн чухал алхам болж байна.
