Миний бие 2023 оноо үдэж, 2024 оныг тэсэн ядан хүлээж буй энэ мөчид, өнгөрч буй жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэхийг хүслээ. Амжилт бүхний ард хамтдаа байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Энэ оны эхний онцлох амжилтууд 2023 онд Япон улсын Фукуока хотод 17 өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гарч, бид олон сайхан амжилтын гэрч болсон билээ. Тэмцээний үеэр нийт 26 орны тамирчид 75 багц медалийн эзэд болж олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон байна. Үүнд: усанд сэлэлтийн дэлхийн 9 дээд амжилт, Залуучуудын насны 4 дээд амжилт, тив бүс нутгийн нийт 36 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Мөн Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн сонирхолтой Усан пологийн тоглолтыг бид үзлээ. Уран сайхны сэлэлтийн анхны эрэгтэй төрлийн тэмцээнийг зохион байгуулж түүхийн нэгэн хуудсыг нээлээ. Өндрөөс үсрэгчид маань хамгийн өндөр зэрэглэлийн үзүүлбэрийг үзүүлж, гайхалтай өрсөлдөөнөөр биднийг баярлуулсан.
Задгай усанд сэлэлтийн тамирчдынхаа өрсөлдөөнийг хараад миний бие 2024 оны 9 сард Итали улсын Алгхеро хотод зохион байгуулагдах Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай сайхан амжилтууд гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй болсон.
Тамирчдад энэхүү амжилтыг гаргах бүх боломжийг бүрдүүлж өгсөнд тэмцээнийг зохион байгуулагчид, шүүгчид, сайн дурынхандаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Японы ард түмэнд баярлалаа.
World Aquatics-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс Гүйцэтгэх хорооны хамт олонд гүн талархлаа илэрхийлье. 2024 оны 8 сар гэхэд бид 3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Парис-2024 Олимпийн наадмын усан спортын 5 төрлийн тэмцээнийг 2-хон жилийн дотор зохион байгуулсан байх болно. Тэдний маань ур чадвар, шургуу хөдөлмөр байхгүй бол энэ бүхэн боломжгүй зүйл юм.
Мөн 2023 он World Aquatics-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн 10 жилийн ойн жил байлаа. Өнгөрсөн хугацаанд усанд сэлэлт, задгай усанд сэлэлт, үсрэлтийн нийт 122 тамирчин энэхүү хөтөлбөрт хамрагдаж дэлхий даяархи 69 бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийсэн байна. Мөн уран сайхны сэлэлтийн 20 тамирчин энэхүү тэтгэлэгт хамрагджээ. Нэмж хэлэхэд World Aquatics-ын 2 шинэ бэлтгэлийн баазыг Франц улсын Bond University of Robina болон Австралийн Queensland хотын Gold Coast-д бүтээн байгууллаа. Ирэх жилүүдэд энэхүү хөтөлбөрийг бид улам цааш өргөжүүлэн хөгжүүлэх болно.
World Aquatics-ын хамгийн чухал хэсэг бол Үндэсний гишүүн байгууллагууд маань билээ. Бидний өнөр өтгөн гэр бүлийн 210 дахь гишүүнээр Африкын арлын Sao Tome and Principe-ийг хүлээн авч байгаадаа бид баяртай байна.
Энэ жил бид зөвхөн гэр бүлийнхээ гишүүдийн тоог нэмээд зогсохгүй усан спортын төрлийг мөн нэгээр нэмж анхны албан ёсны Олон улсын эргийн усан пологийн тэмцээнийг Египт улсын Улаан тэнгисийн Soma Bay Marna-д 5 сарын 12-15-ны хооронд зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь бидний хөгжил дэвшлийн төлөөх эрэл хайгуулын илэрхийлэл болсон.
Мөн гишүүн холбоодын саналаар World Aquatics-ын төв байр Унгарын Будапешт хот руу нүүж байгаа билээ. Lausanne хотод World Aquatics-ын Ёс зүйн асуудал хариуцсан байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Олон жилийн турш Унгар улс нь бидний үнэнч дэмжигч, түнш байсан бөгөөд 2017 болон 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна 2013 оноос хойш World Aquatics-ын нийт 25 арга хэмжээг хүлээн авсан байна.
2023 оынхоо өндөр амжилтыг тэмдэглэхийн хажуугаар бидний өмнө илүү өндөр амжилтын оргилууд хүлээж байгааг тэмдэглэн хэлье. 2024 онд Доха-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Парис-2024 Олимпийн наадам хэмээх спортын ноён оргил болсон арга хэмжээнүүд биднийг хүлээж байна. Та бүхэнд шинэ аваргуудаа өлгийдөн авч, шинэ амжилтуудад хамтдаа хүрэх шинэ оны мэндийг хүргье.
Хүндэтгэсэн
Captain Husain Al-Musallam
World Aquatics-ын Ерөнхийлөгч