2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ны Медалийн танилцуулга

2024 оны Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн УАШТ-ний медалийн загварын гол санаа тэмцээнийг хүлээн авч зохион байгуулж буй Өмнөговь аймгийн Бэлгэ тэмдгээс авч баяжуулан загварчилсан.

Медалийн оройны чандмань бүхий 3 дүрслэл нь: Зэс, алт, нүүрс гэсэн утгыг илэрхийлэн Өмнөговь аймгийн бэлгэ тэмдэгт дүрслэгдсэн байдаг. Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлогч газрын баялаг, эрдэс баялгаараа дэлхийд гайхагдаж байгаа говь нутгийг – зэс, алт, нүүрсний өнгөөр хүслийг хангагч чандмань эрдэнээр дүрслэн буй нь энэ юм.

Алтан шаргал өнгөтэй түмэн насан хээ нь: Ашид мөнх өсөн дэвжихийн бэлгэдэл төгсгөлгүй үргэлжлэх өнө мөнх утгийг билгэдэн хүрээлсэн. Түмэн насан хээний алтан шаргал өнгө нь говь нутаг гэсэн санааг илэрхийлдэг байна.

Медалийн төв хэсэгт Өмнөговь аймгийн их тахилгат хайрхан ГУРВАН САЙХАН УУЛ-ыг дүрсэлж оруулсан. Гурван сайхны нуруу буюу баруун, дунд, зүүн сайхан хэмээн нэрлэгдэх 100 гаруй км урт, Говийн Алтайн нурууны үргэлжлэл юм.

Түүний доор Хонгорын элсний сүрлэг манхануудыг дүрслэсэн байна. Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд 180 орчим км үргэлжилдэг элсэн манхан юм.

Өмнөговь аймаг нь хамгийн олон тэмээтэй аймаг бөгөөд говьчуудын түүх соёл, ёс заншил, өдөр тутмын амьдралд, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээ том байр суурийг эзэлдэг.