2024 оны Өсвөр үе-Залуучуудын усанд сэлэлтийн УАШТ-ий медалийн танилцуулга

Удахгүй болох 2024 оны Өсвөр үе-Залуучуудын УАШТ-ний медалийн танилцуулгыг зохион байгуулагчид өчигдөр хийлээ. Та бүхэнд тус тэмцээний медалийн билэгдэл, агуулгыг хүргэж байна.

Медалийн голд байрлах Найрамдал өндөрлөг, хөшөө цогцолбор – Эрдэнэт хотод зохион байгуулагдсан Монгол Зөвлөлтийн залуучуудын найрамдлын 8-р их наадмын үеэр хоёр орны ард түмний найрамдал хамтын ажиллагаа, шинэ Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн барилга байгууламжийн түүхийг билэгдэн энэхүү хөшөө дурсгалт цогцолборыг Д.Майдарын зургаар 1986 онд босгосон. Монгол Оросын ард түмнүүдийн найрамдал төдийгүй Эрдэнэт хотын гол бэлгэ тэмдэг болсон цогцолбор юм.

Эрдэнэтийн их бүтээн байгуулалт “Эрдэнэтийн овооны арын хөндийд 1973 оноос эхэлсэн бөгөөд 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт хороо” нэртэйгээр анх байгуулагдсан байна. Хорооны хурдан хөгжилт, хүн амын өсөлтийг харгалзан 1976 онд “Эрдэнэт хот” болгон зохион байгуулснаар Монгол улсын 3 дахь хот болон хөгжлийн шинэ үе нь эхэлсэн байдаг.

Хөшөөний дээр байрлах тарианы алтан түрүү нь бүс нутгийн газар тариалангийн гол бүтээгдэхүүнийг, Эрдэнэт үйлдвэрийн таних тэмдэг болон галын дөл нь их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэрийн ажил үйлс мандан бадрахын зэрэгцээ гурван цагийн хэлхээнд мөнхөд оршихыг, Олимпийн таван цагариг, усанд сэлж буй хүний дүрс нь Олимпийн хамгийн олон төрөлт спорт буюу усан спортын төрлийг бэлгэдэн үзүүлсэн болно.

Медалийг тойрон байрлах дүрсүүд нь усан спортын үндсэн зургаан төрөл болох Усанд сэлэлт (swimming), Усан бөмбөг (Water polo), Усанд үсрэлт (Diving), Уран сайхны сэлэлт (Artistic swimming),  Задгай усанд сэлэлт (Open water), Өндрөөс үсрэлт (High diving) -ийн төрлүүдийн Дэлхийн усан спортын холбоо (World Aquatics) – ны хэрэглэдэг таних тэмдэг юм.

Медалийн ард талд тус тэмцээний талаархи үндсэн мэдээлэл буюу Дэлхийн усан спортын холбоо (World Aquatics)-ын таних тэмдэг, түүний доор түүний Үндэсний цорын ганц гишүүн болох Монголын Усан Спорт Сонирхогчдын холбоо (Mongolia Aquatics)-ны  нэр Англи хэл дээр, Өсвөр үе-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болон болж байгаа хотын нэр, оныг Англи хэл дээр хөрвүүлэн бичсэн болно.

Медалийн бүчин дээр Эрдэнэтийн их бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн хөгжил дэвшлийг график зураг ашиглан илэрхийлжээ.