Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны усан сэлэлтийн “Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” 2024 оны 01 сарын 19-21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын БТСГ-ын бассейнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд нийт 15 клубын 119 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгснөөс 84 тамирчин гараандаа гарч хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тамирчид нийт хувийн гарааны 34 багц медаль, буухиа гарааны 10 багц медалийн төлөө өрсөлдөж багийн дүнгээр:
We Aquatics клуб 29 алт, 21 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж 1-р байр,
Далайн хаадууд клуб 7 алт, 6 мөнгө, 7 хүрэл медалиар 2-р байр,
Сэлэм загас клуб 6 алт, 4 мөнгө, 10 хүрэл медалиар 3-р байрыг тус тус эзэлсэн байна.
Мөн тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар Сэлэм загас клубын тамирчин Б.Марал,
Шилдэг эрэгтэй тамирчнаар We Aquatics клубын тамирчин У.Бэлгүдэй,
Өсөх ирээдүйтэй тамирчнаар Хилэм клубын тамирчин Н.Билгүүн нар шалгарлаа.
Өмнөговь аймгийн Засаг даргын зүгээс олон улсын стандартад нийцсэн 50м урттай бассейныг барьж байгуулах шийдвэр гаргаж энэ ондоо багтаан зураг төслийг нь дуусгаж ажлыг нь эхлүүлэх амлалт өгсөн нь усан спортын сонирхогчдын хувьд маш том бэлэг байлаа.
Тус тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Өмнөговь аймгийн БТСГазар, Засаг даргын тамгын газар, “Нутгийн хишиг” ТББ-д гүн талархал илэрхийлье.