ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ШҮҮГЧИЙН СУРГАЛТ

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА
Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо (Mongolia Aquatics)-ноос Дэлхийн усан спортын холбоо (World Aquatics)-ны “Open Water Swimming Technical Officials’ Bronze Level Course” буюу задгай усанд сэлэлтийн техникийн шүүгчдийн олон улсын анхан шатны цахим сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, спортын мэргэжилтнүүдийг нэр дэвшихийг урьж байна.
Энэхүү сургалт нь үндэсний түвшинд шүүгчээр ажиллаж байсан мэргэжилтнүүдийг олон улсын шүүлтийн тогтолцоонд бэлтгэх, олон улсын дүрэм, стандарт, тэмцээний зохион байгуулалт, шүүгчийн үүрэг хариуцлагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
1. Сургалтын мэдээлэл
•
Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 10 – 2027 оны 2 дугаар сарын 10
•
Хэлбэр: World Aquatics-ийн CORAL цахим сургалтын платформ
•
Үргэлжлэх хугацаа: 10 цагийн бие даасан цахим сургалт
•
Сургалтын хэл: Англи
•
Оролцогчдын тоо: Монгол Улсаас 10 хүртэл хүн нэр дэвшүүлэх боломжтой
Сургалт нь олон улсын шүүгчийн үүрэг, хариуцлага, тэмцээний дүрэм, зохион байгуулалт, шийдвэр гаргалт, харилцаа, ёс зүй, шударга шүүлт болон оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах зэрэг сэдвийг хамарна.
2. Оролцогчид тавигдах шаардлага
•
18–65 настай байх;
•
Задгай усанд сэлэлтийн тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай байх;
•
Англи хэлний CEFR B1/B2 буюу дунд түвшний мэдлэгтэй байх;
•
World Aquatics-ийн шаардлагын дагуу Tier 4 буюу 4 дүгээр зэрэглэл ба түүнээс дээш ангиллын хоёр тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагаа нотлох боломжтой байх.
Тайлбар: Монгол Улсад зохион байгуулсан үндэсний тэмцээний туршлагыг Tier 4 ангилалд тооцох эсэх, мөн туршлагын шаардлагад уян хатан нөхцөл хэрэглэх боломжийг World Aquatics-аас тодруулж байна. Иймд дээрх туршлагын шаардлагыг бүрэн хангаагүй боловч задгай усанд сэлэлтийн тэмцээнд шүүгчээр оролцож байсан мэргэжилтнүүд хүсэлтээ ирүүлж болно.
3. Англи хэлний мэдлэг
Сургалт болон эцсийн үнэлгээ англи хэлээр явагдана.
Англи хэлний түвшнийг дараах IELTS оноогоор жишээлэн баримжаалж болно:
•
B1 түвшин: IELTS 4.0–5.0 орчим
•
B2 түвшин: IELTS 5.5–6.5 орчим
IELTS, TOEFL болон бусад англи хэлний шалгалтын гэрчилгээтэй бол мэдээллээ ирүүлж болно.
Англи хэлний шалгалтын гэрчилгээ заавал ирүүлэх шаардлага тавиагүй. Гэрчилгээгүй оролцогч өөрийн англи хэлний мэдлэгийн түвшнийг мэдүүлж болно.
4. Хүсэлт гаргахад бүрдүүлэх мэдээлэл, материал
•
Нэр дэвшигчийн анкет болон холбогдох хавсралтууд.
5. Хүсэлт хүлээн авах хугацаа
2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 18:00 цаг хүртэл.
Хүсэлт, материалыг дараах цахим шуудангаар ирүүлнэ:
secretariat@mongoliaaquatics.mn
Цахим шуудангийн гарчигт: “Задгай усанд сэлэлт – анкет” гэж бичнэ үү.
Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо хүсэлтүүдийг хүлээн авч, тавигдах шаардлага болон хүйсийн төлөөллийн нөхцөлийг харгалзан нэр дэвшигчдийг сонгоно.
Сонгогдсон оролцогчдыг World Aquatics-ийн GMS системээр 2026 оны 11 дүгээр сарын 5-ны дотор нэр дэвшүүлнэ. Оролцогчдыг сургалтад хамруулах эцсийн шийдвэрийг World Aquatics гаргана.
6. Анхаарах зүйл
Энэхүү сургалт нь олон улсын Bronze Level шүүгчийн эрх шууд олгох сургалт биш бөгөөд тухайн түвшинд элсэх урьдчилсан шаардлагын нэг юм.
Сургалтыг амжилттай дүүргэж, цахим үнэлгээнд тэнцсэн оролцогчид Certificate of Attendance буюу сургалтад хамрагдсаны гэрчилгээ авах боломжтой.
Монголын задгай усанд сэлэлтийн спортыг хөгжүүлэх, олон улсын түвшний шүүгч, мэргэжилтнүүдийг бэлтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
МОНГОЛЫН УСАН СПОРТ СОНИРХОГЧДЫН ХОЛБОО