МОНГОЛЫН УСЧИД УСАН СПОРТЫН ШИНЭ ТҮҮХИЙГ БҮТЭЭНЭ

Монголын усан спорт сонирхогчдын холбооны Усан бөмбөг (Water polo)-ийн багийн тамирчид дэлхийн тавцанд хүч сорихоор бэлтгэлээ базааж байна.
Усан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах “Water Polo 4×4 Championships” тэмцээн 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хорват Улсын Дубровник хотноо зохион байгуулагдана. Энэ нь “Water Polo 4×4” буюу дөрвийн эсрэг дөрөв форматаар зохион байгуулагдаж буй дэлхийн анхны тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд усан бөмбөгийн спортын хөгжилд шинэ өнгө төрх, шинэ эрч хүч авчрах түүхэн үйл явдал юм.


Монгол Улсын 4х4 усан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагчаар Ш.Содгэрэл, багийн ахлагчаар Токио-2020 Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон М.Дэлгэрхүү нар ажиллаж байна.
Багийн бүрэлдэхүүнд СМ тамирчин Г.Сугар, Б.Бат-Оргил, Ч.Өлзийтөгөлдөр, Г.Дөлгөөнөө, Х.Очир, О.Сугар нар багтжээ.
Энэ удаагийн тэмцээн нь Монголын усан бөмбөгийн баг тамирчдын оролцож буй хамгийн өндөр түвшний, томоохон олон улсын тэмцээнүүдийн нэг болж байна.


Усан бөмбөг буюу Water polo нь Монгол Улсад хөгжиж эхлээд удаагүй, одоогоор хичээллэж буй тамирчдын тоо цөөн хэдий ч усан спортын шинэ боломж, шинэ сорилтыг эрэлхийлсэн эдгээр залуусын хүсэл тэмүүллээр энэ төрөл цаашид улам өргөжин хөгжих нь дамжиггүй. Өнөөдөр тэдний эхлүүлж буй энэ зам маргааш олон хүүхэд, залуусын мөрөөдөл, хүсэл тэмүүлэл болон өргөжих учиртай.
Усан спортын шинэ төрлийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, Монголын усан бөмбөгийн түүхийн шинэ хуудсыг бичиж буй баг тамирчдадаа өндөр амжилт хүсэн ерөөе.