2026 оны Дэлхийн цомын тэмцээний тов гарлаа

2025 оны усанд сэлэлтийн Дэлхийн цомын цуврал тэмцээн  Хойд Америкийн 2 улс болох АНУ болон Канадад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү цувралын 2 дахь зогсоол болох World cup-Westmont-2025 тэмцээнд  Монгол улсыг төлөөлөн 9 тамирчин, 3 дахь цуврал болох World cup-Toronto 2025 тэмцээнд 5 тамирчин амжилттай оролцсон билээ.

Харин 2026 оны усанд сэлэлтийн Дэлхийн цом цувралууд Зүүн Азийн 3 улсад зохиогдоно. Энэхүү 3 цуврал тэмцээн Бээжин хотод болох 25м бассейны 18 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  өмнөх томоохон сорил болох юм.

1-р цуврал – Баку, Азербайжан | 2026 оны 10-р сарын 1–3

Дэлхийн цомын аялал Бакугаас эхлэнэ. Торгоны замын баруун зах, Каспийн тэнгисийн эрэгт орших уг хот нь түүхэн үеэсээ Европ руу торго, амтлагч болон бусад бараа тээвэрлэдэг каравануудын гол төв байв. Бакугийн арилжаа, соёлын солилцооны баялаг түүх нь усанд сэлэлтийн Дэлхийн цомын олон улсын шинж чанартай төгс нийцдэг.

2026 оны Дэлхийн цомын эхний цэг болохоос гадна Баку нь Азербайжан улсад анх удаа Усанд сэлэлтийн  дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулагдаж буй хот болох юм.

2-р цуврал – Ташкент, Узбекистан | 2026 оны 10-р сарын 8–10

Торгоны замын гол төвд орших Ташкент нь олон зууны туршид худалдаа, соёлын харилцааны төв байсаар ирсэн. Түүний наймаачдын зах, караван сарайнууд, түүхэн дурсгалууд нь Зүүн ба Барууны холболтын баялаг түүхийг илтгэдэг. Энэ нь аяллын хоёр дахь босго болохын хувьд дэлхийн өнцөг булан бүрээс усанд сэлэгчид өрсөлдөхөөр цуглахад тохиромжтой газар юм.

Ташкент хотноо 2017–2018 онд усны спортын Уран сайхны сэлэлтийн дэлхийн цомыг хоёр жил дараалан зохион байгуулж байсан билээ.

3-р цуврал – Астана, Казахстан | 2026 оны 10-р сарын 15–17

Дэлхийн цувралын 3 дахь зогсоол нь Казахстаны нийслэл Астана хот байх болно. Уг бүс нутаг нь түүхэндээ Торгоны замын хойд маршрутын нэг хэсэг байсан бөгөөд өнөөдөр олон улсын харилцааны орчин үеийн төв болон хөгжсөн. Усанд сэлэлтийн Дэлхийн цомын Торгоны замын гурван долоо хоногийн аяллын сэтгэл хөдөлгөм төгсгөлийг Астана хотноо зохион байгуулах юм.