Монголын усан спорт Олимпын наадамд

Саяхан зохион байгуулагдаж өнгөрсөн “Парис-2024 ” Олимпын наадамтай холбогдуулан Монголын усан спортын тамирчид Олимпын наадамд хэрхэн оролцож байсан түүхийг та бүхэнд хүргэе.

Монголын усан спортын баг тамирчид 2000 оноос хойш Хүн төрөлхтөний спортын их баяр Олимпын наадамд оролцож эхэлсэн. Австралийн Сидней хотод зохион байгуулагдсан 24 дэх удаагийн зуны спортын Олимпын наадамд тамирчин Спортын Мастер Санжаажамцын Алтантуяа, Спортын Мастер Ганаагийн Галбадрах нар оролцжээ. Олимпын тамирчид маань одоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх ТӨҮГ-ын Спорт цогцолборт усанд сэлэлтийн дасгалжуулагч, арга зүйчээр ажиллаж байна.

Грекийн нийслэлд зохион байгуулагдсан “Афин-2004” Олимпын наадамд усан спортын тамирчин Спортын мастер А.Тамир оролцжээ. А.Тамир нь Монголын усан спорт сонирхогчдын холбооны шилдэг клуб болох “Виста” клубын үүсгэн байгуулагч юм.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдсан “Бээжин 2008” Олимпын наадамд усан спортын тамирчин Спортын мастер Д.Сайнцэцэг, Б. Бүтэх-Үйлс нар оролцож байжээ. Д.Сайнцэцэг нь Спортын хоол зүйч, судлаачаар ажилладаг бол Б. Бүтэх-Үйлс нь Холбооны ЕНБД-аар ажиллаж байсан юм.

“Лондон-2012” Олимпын наадамд Монголын усан спортын тамирчдаас спортын мастер Г. Оюунгэрэл, А. Тамир нар шалгаран оролцож байжээ. А.Тамир 8 жилийн дараа 2 дахь Олимпийн наадамдаа оролцсон нь нэгэн онцлох үйл явдал байлаа.

“Рио-2016” Олимпын наадамд Монголын анхны усан спортын олон улсын хэмжээний мастер Б. Дөлгөөн, Спортын мастер Б. Есүй нар оролцсон.

“Токио-2020” олимпын наадамд Усан спортын анхны эмэгтэй Олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн, Олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү нар оролцжээ.

Хүн төрөлхтөний спортын их баяр “Парис-2024” Олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд эгч дүүс Б.Энххүслэн, Б.Энхтамир нар оролцлоо. Монголын Олимпын багийн түүхэнд анх удаа эгч дүүс хамтдаа Олимпод оролцож байгаа нь спортоор хичээллэхийн ач холбогдлыг хүүхэд залууст үлгэрлэсэн гайхалтай тохиодол болсон юм.

4 жилийн дараа зохион байгуулагдах “Лос Анжелес-2028” Олимпийн наадам шинэ сорилт болон биднийг хүлээж байна. Нийт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид,  усан спортын хамт олондоо өндөр амжилт хүсье.